Хайр дурлал хамгийн сайхан хэрнээ бас хамгийн хэцүү байх юм. Яг л юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг шиг хайр дурлалыг сайхан чигээр нь авч үлдэхийн тулд сэтгэл дотроо их зүйлийг хийх мэдрэх хэрэгтэй болох юм. . .
“Сарнай байхгүй бол өргөс нь ч яамай” гэдэг.
Хэрэв үүнийг хэцүү үеэр нь төсөөлөлгүй, хайр дүүрэн сайхан үеийг хадгалан, зөвөөр нь тэр хэвээр нь авч үлдэж чадвал, үлдээх сайхан дурсамжийг нь цаг хугацаанд замхруулалгүй, өгсөн гэрэл гэгээг нь бусад саад хясланд унтраалгүй хамгаалж хадгалж чадвал, авчирсан догдлол, баяр хөөрийг нь гуниг хоосролоор сольчилгүй, мэдрүүлсэн халуун дулаан бүхнийг, төрүүлсэн итгэлийг гомдол болгочилгүй нандигнаж сурах аваас хамгийн хэцүү хэрнээ хамгийн сайхан нь болох юм.
Түүнийг минь Нараа гэдэг. Тэр одоо надад маш их хэрэгтэй байна. Яг л цээжин дотор минь нэг юм дутаад байх шиг, тэр байхгүй, тэрний дэргэд биш бол би бүтэн амьсгал авч чадахгүй байна.
Тэр өөрийгөө “би тийм хөөрхөн биш шүү дээ” гэдэг. Гэхдээ энэ худлаа . . . тэр маш хөөрхөн.
Тэрний байж байгаа нь шууд л тэврээд авмаар, эгдүү хүргэм, яаж ярьдаг гээч аажуухан, хөгжилтэй, үнэн сэтгэлээсээ нэг л сэтгэл татам, инээх нь хүртэл хөөрхөн заримдаа хэлээ хазаад л инээд алдаад л, бас харц нь хичнээн гоё, хичнээн хөөрхөн гээч.
Тэрэнтэй танилцаад маргааш нь анх уулзсан өдрөө би сайн тогтоосон байсан.
Одоо санахад тэр, “хоёулаа 8 насны зөрөөтэй юм байж dating хийж болж байгаа юм уу” гэж асуугаад инээж байсан. Тэр өөрийнхөө юу гэж боддогоо ний нуугүй ярьж байсныг санаж байна, нүд рүү минь хараад л аажуухнаар ярьж байсан.
Гэхдээ түүний хэсэг зуур өөр тийшээ хараад л гүн бодолд автаж байсан нь анзаарагдсан. Хожим дараа нь уулзаад, магадгүй тэр үед хуучин нөхрийнхөө тухай бодолхийлж байсан байх гэж одоо бодож байна.
Одоо тэр миний дэргэд хамт байхгүй байгаа хэдий ч, би түүнтэй дотроо ярилцаад л байна. Түүний юу гэж хэлж байсныг бодоод л, хариу хэлээд л . . .
Тэр үед би тэгээд хэлэх ёстой байж уу, тэгвэл дээр байж уу гэж эргэлзэж ирэх үе л их хэцүү. Өөрийгөө буруу зүйл хийсэн юм болов уу, хэлсэн юм болов уу гэж бодож түүндээ хариугүй үлдэх үед л хүний сэтгэл санаа үнэхээр төөрдөг байшин дотор ороод төөрчих шиг болдог юм байна лээ.
Яг одоо миний зүрх цээжин дотроос түүнийг, Нарааг надаас хүсч нэхэж байна, толгойн дотор түүний нэр л ахин дахин сонсогдоод . . . тэгээд би амандаа чимээгүйхнээр түүний нэрийг ахин дахин шивнэж байна . . . Нараа, Нараа, Нараа, Нараа, Нараа . . . гээд л.
Жижигхэн жижигхэн юм шиг хэрнээ түүнд ярих юм маш их байна. Бодож байгаагаа бичихээр бага ч гэсэн сайхан санагдах юм.
Тэр надад зөндөө хэрэгтэй юм хэлж зөвлөж өгсөн. Бас намайг магтдагт би баярладаг. Түүний дэргэд нь байхад төрдөг халуун дулаан мэдрэмж, түүний шулуухан, ухаалаг зан нь үнэхээр сэтгэл булаам.
Тэр бол жинхэнэ сарнай цэцэг гэсэн үг. Жирийн үедээ тэр яг л дэлбээгээ хумисан сарнай шиг байдаг, замаа харж алхаад л, даруухан тайван царайтай. Харин түүнтэй ярилцаж, түүнтэй найзлахын цагт хичнээн өөр гээч, хүний сэтгэлийг булаам, хайр эгдүү хүргэм, түүний бүх юм нь яг л сарнай цэцэг цоморлиг дэлбээгээ нээсэн юм шиг, тийм сайхан эмэгтэйг би ерөөсөө мэдэхгүй. Сарнайг чи холоос хараад сайхныг нь олж харахгүй, харин ойрхоноос нүдээ ойртуулж байгаад хараад, хамраа нааж байгаад үнэртэхээр анхилуун сайхан нь мэдэгддэг.
Сарнай гэдэг гоё цэцэг ээ. Гэхдээ би дотроо бол сарнай цэцгийг мэддэгтээ гэхээсээ илүүтэйгүүр түүнийг мэддэгтээ л илүү баяртай байна.
Би сая pineapple жүүс уулаа. Хамт уухад ямар сайхан амттай санагдаж байсан нь санагдлаа. Чи жүүснээсээ уугаад намайг үнсэхэд уруулнаас чинь энэ амт амтагдаж байсныг санаж байна.
Тэр бас шоколад идэж байхдаа яриад инээхээрээ их инээдтэй харагддаг, шүд нь бор болчоод л, би хэлээгүй.
Энэ хугацаанд би яг над шиг асуудалд орсон, салахыг хүсэхгүй, шаналсан утгатай маш олон дуу байдгийг олж мэдсэн. Мөн урьд нь зүгээр л сонсоод өнгөрдөг, дууны үгний утгыг ойлгож сонсдоггүй байснаа ойлгосон. Дуулна гэдгийг ч бас зүгээр л зугаатай хөгжилтэй гэсэн утгаар нь төсөөлж, харин дуулахгүй л бол болохгүй байгаа, тэр дуунууд зүрх сэтгэлээс гарч байгаа болохыг нь ойлгоогүй явснаа мэдсэн. Сэтгэлээ онгойтол бүх юмаа хэлээд авахтай л адилхан, бас нэрийг нь уулын орой дээр гарч байгаад чангаас чанга, ядартлаа сэтгэлээ амартлаа дуудаж авахаар сайхан болдогтой адилхан, өөрийгөө сонсгох эцсийн арга найдвар ч юм шиг.
. . . хүмүүс “өөрөөсөө эгч бүсгүйтэй найзалбал чи л зовно шүү дээ” гэж ярьдагийг би сонссон, магадгүй л юм, тэр “дандаа өөрийнхөө бодлоор битгий юмыг шийдэж бай” гэж хэлж байсан, гэхдээ би хүмүүсийн ярьж байгаад итгэхгүй байна.
Хэрвээ би түүнтэй хэзээ нэгэн өдөр тааралдах юм бол, “би чам шиг сайхан хүнтэй дахиж учирах болов уу” гэж асууна аа . . . Бас надтай чам шиг ярилцдаг хүнтэй би дахиж ярилцах болов уу.
Тэр намайг өөртөө нь уулзахыг зөвшөөрөхгүй байгаа. Би тэрнээс надад тайлбарлаад өг гэж асуух гэж байснаа больсон. Яагаад гэвэл тэр надад аль хэдийнэ тайлбарлаад өгсөн болохыг ойлгосон. “Надтай байвал чамд л хэцүү шүү дээ” бас хамт байхыг гуйхад минь “чамд л хэцүү шүү дээ” гэж хэлж байсан нь хангалттай тайлбар.
Тэр нэг нохойтой байж байгаад ажил ихтэй, тэр нь хичнээн эгдүүтэй ч анхаарал халамж тавьж чадахгүй болохоор өөр сонирхож байсан хүнд өгсөн гэж ярьж байсан. Яг үүнтэй адил. Энэ бол түүний минь зан чанар, бусдын төлөө байж чаддаг. Тэр зүгээр л намайг зовоохыг хүсээгүй, би үүнийг хамт байхдаа мэдэрсэн.
Азаар би түүнийг мэдэх хувьтай байсан, түүнтэй учирсандаа “хувь тавиланд өртэй” л гэсэн үг.
“Би чам шиг сайхан хүнтэй дахиж учирах болов уу . . .”
Бүх юм маш хурдан болсон шигээ хурдан дууслаа. Гэхдээ үгүй ч байж магадгүй . . . тэр миний дотроо хайж хүсэж байсан, хайсаар ирсэн, түүнтэй уулзахаас өмнө аль хэдийнэ надад хэрэгтэй байсан тийм хүн байх.
Зүгээр л гэнэт уулзалдсан, тэгээд гэнэт л уулзахаа больсон. Бас хурдан дууслаа ч гэсэн үг биш . . . тэр миний дотор хайрыг минь булаасан хэвээр байж л байх болно, би сэтгэл санаагаараа хэзээд түүний дэргэд нь байгаа юм шиг л хамт.
Тэр надаас яваад өгсөн гэж бас бодохгүй байна. Яагаад гэвэл би түүнийг дотроо тэвэрсээр л байгаа, тэвэрсэн хэвээр, хайрласан хэвээр.

Би тэрний уруулын хээг нь цаасан дээр үнсүүлээд авч үлдэе гэхэд минь тэр нээх хөөрхөн “хэрэггүй ээ, би чиний уруул дээр чинь л үлдээчихэе за” гээд миний уруул дээр үнссэнийг санаж байна . . . түүнд үнсүүлсэн тэр хором бол – насан туршид минь надаас арилан үл одох тийм мөч.

Бас хамгийн анх түүнтэй гудамжинд харц мөргөлдсөн үе, түүний сайхан царайг олж харсан тэр хоромыг маш тод санаж байна . . . энэ ч гэсэн насан туршид минь үл мартагдах тийм мөч.
Тэрний бүх юм, тэр өөрөө, зүгээр л байгаагаараа байгаа нь л насан туршид минь намайг дотроос минь дулаацуулж байхад хангалттай, түүнийг таньдаг минь азтай хэрэг.
Магадгүй над шиг хөгийн, даварсан амьтан түүн шиг бүсгүйтэй хамт байх хувьгүй байх, тиймээс байгаа юмандаа л сэтгэл хангалуун байя.
Тэр хэлэхдээ Орчлонгоор дүүрэн л Нараа байхад чинь . . .” гэж байсан.

Үгүй ээ, хэзээ ч үгүй . . . Нараа. Чи бол ганцхан.
Тэр бол цорын ганц, миний дурласан Нараа бол цорын ганцхан.
Хүмүүсийн бие биедээ үлдээдэг сэтгэгдэл, төрүүлдэг мэдрэмж, өгдөг хайр халамж гэж анзаарагдамгүй хэрнээ ямар гайхалтай зүйл болохыг би түүний ачаар ойлгож авсан. Энэ бол магадгүй миний урьд нь мэдэхгүй яваад байсан, миний ойлгох хэрэгтэй байсан яг тэр зүйл мөн байх аа.
. . . Чи миний тухай бодож байна уу, би чиний тухай бодож байна.
Хэрвээ чи миний тухай бодохгүй байгаа бол, би ч бас чамайг бодохоо байхаас өөр аргагүй болно.
Гэхдээ л чи түрүүлээд л цаашаа хараад явлаа шүү дээ, хамт байж болно гэж худлаа хэлж хүнийг баярлуулчихаад . . .
Тэгээд би ч гэсэн, чамайг араас чинь харж хэсэг зогсоод дотроо, Чамд маш их баярлалаа, чамайг насан туршдаа хайрлаж байх болно гэж хэлээд, үнсэлтээ хийсгээд . . . цаашаа хараад л явахаас өөр аргагүй, өөрийнхөө мэддэг Нараатайгаа хамт үлдээд . . .
Би чамайг өдөржингөө боддог, шөнө нь болохоор зүүдлээд л . . .
Чамайг зүүдэлсэн зүүд хамгийн сайхан зүүдэнд минь тооцогддог.
Чиний дэргэд хэвтэж байхдаа би нойрсдоггүй л байж, ханатлаа харж авдаг байж , хэрвээ ийм юм болохыг мэдсэнсэн бол.
Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл, сэтгэл чинь маш их татагдсан бүсгүй чинь чамд огт татагдахгүй мэт байгааг мэдрэх, энэ үед яг л цээжин дотор чинь хүйтэн салхи орчих шиг болоод, хорвоо дээр зүг чигээ алдаад харанхуйд хаягдсан юм шиг, толгойн дээрээс чинь час халуун ус асгарах шиг л болдог.
Хамгийн сайхан үе нь харин хэзээ вэ гэвэл, түүнийхээ цээжин дээр чихээ нааж байгаад зүрхнийх нь цохилохыг сонсож аваад, нүд рүү нь харангаа тэр ч гэсэн надтай адилхан баяртай байгаа, над шиг догдолж байгаа гэж итгэх юм, энэ үед яг л бүх юм сайхан болчих шиг, бүх юм зөв байраа олчих шиг болоод, юугаар ч дутаагүй юм шиг бодогдож, хүмүүст анзаарагдахгүй хэрнээ чамд урагшаа явах маш их хүч цээжинд чинь булгилах шиг санагддаг . . . үгээр хэлж чадахгүй нь, тэр гоё мэдрэмжийг.
Тэр минь мэдээж гэртээ speaker-ээ чангалаад л дандаа ганцаараа бүжиглээд байхгүй, найзтай болно.
Би бас мэдээж үргэлж түүнийг бодоод байж болохгүй байх, түүний хэлснээр “хэсэг хугацааны дараа энэ бүхэн дурсамж л болж үлдэнэ”.
Гэхдээ энэ бол, ингээд л салах бол миний хүсэл биш.
Би зөвхөн түүнтэй л хамт байхыг мөрөөдсөн юм, тэр үед өдөр байна уу шөнө байна уу, тэнгэрт үүлтэй байна уу, одтой байна уу хамаагүй. Энэ мөрөөдөл хаашаа ч алга болохгүй, хэзээд надтай хамт байна.
Түүнтэй хамт эргээд халуун дулаан ярьж, хөөрхөн нүд рүү нь ширтээд, хөөрхөн гарнаас нь бариад, инээмсэглэлийг нь харах юмсан. Түүний царайг хармаар байна, үнсмээр байна, хичнээн их санасныг минь мэдрүүлтэл чангаас чанга тэврэмээр байна . . .
Хэрвээ би түүнийг санаж, түүнээс болж зовж байгаа бол “уулаасаа бүтэхгүй” юм эхлүүлснээрээ мэдээж миний өөрийн л буруу. Үүнийг би нилээд удаан хугацааны дараа л ойлгож авлаа. Нилээд удаан хугацааны дараа дөнгөж ойлгож авч байна, түүний тусламжтайгаар. “Одоо боль за, Анар аа, өөрийгөө хяна . . . ”
“Жинхэнэ хайр, дурлалаас өөр илүү гайхамшигтай адал явдал гэж үгүй” гэсэн үг сайхан, бас үнэн үг байна. Дурлана гэж хүнийг гал ус шиг сорьсон, догдлуулдаг, баяр гунигийн аль алийг нь авчирдаг, өөрчилдөг, хамгийн гол нь бидний амьдралыг дүүрэн болгодог гайхалтай зүйл юм байна. Үнэхээр гайхалтай !